Үргэлж гялалзаж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөхийг хүсдэг

A- A A+

Мөрөөдөн  байж зүтгэсэн сургуульдаа орох элсэлтийн шалгалтдаа унав. Дараа жил дахиад тэнцсэнгүй. Гурав дахь удаад харин тэр чадсан. “Би чадахгүй нь” гэсэн 1100 орчим өдрийн шаналал арилж сэтгэл амарсан тэр мөчөө Б.Хулан дурсах дуртай. Тангарагийн баяр дээр ирсэн аав, ээж хоёроо харахдаа “Энэ миний байх газар мөн, би одоо л зөв явж байна” хэмээн өөрөөрөө бахархаж байв. Харин одоо даваа гараг бүрийн өглөө төрийн далдаагаа мандуулах, бөмбөрийн нижигнээнд парадад алхаж явах үеийн омогшил мэдрэмж нь тангаргын баяраар төрсөн бодлыг нь улам батжуулдаг аж. 
Зорьсон зорилгынхоо төлөө тууштай байж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа ийм нэгэн “гал сөнөөгч” бүсгүйг #Nematimes онцлов.

Намайг Баттөмөрийн Хулан гэдэг, Хөвсгөл аймагт төрсөн. Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийг төгссөн. Айлын ганц охин. Нөхөр хүүхэд, эцэг эхийн хамт тавуул амьдардаг. Нөхөр маань Онцгой байдлын сургуулийн нэг ангийн сонсогч. Нэг охинтой, одоо дөрвөн нас хүрч байна. 

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлыг сургуулийг онцгой байдал, гамшгаас хамгаалах мэргэжлээр 2019 онд төгсөөд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангид салааны захирагчийн туслахаар томилогдсон. Мөн салааны захирагчаар ажиллаж байгаад 2022 оноос нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн харьяа Үндэсний архивын газар дахь гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байна. Үндэсний архивын газар Монгол Улсын 500 жилийн түүхийг хадгалдаг онцгой обьект. Бүхэл бүтэн улсынхаа, нийт иргэдийнхээ бүхий л баримтыг цаасан хэлбэрээр хадгалж байгаа обьектийн галын аюулгүй байдлыг хангана гэдэг маш хариуцлагатай ажил. Мөн онцгой обьект гэдэг утгаараа Төрийн ордны Онцгой байдлын албанд харьяалагддаг. Эрчүүдтэй мөр зэрэгцэн улсынхаа онцгой чухал газруудын галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг гүйцэтгэж  яваадаа бахархалтай явдаг.  

Арван жилдээ “Дөл” цэргийн уралдаан тэмцээнд оролцдог байв. “Дөл”, “Өсвөрийн аврагч” зэрэг тэмцээнүүд хүүхдийг багаас нь цэрэг, онцгойгийн мэргэжилд дурлуулдаг ач холбогдолтой чухал уралдаан байдаг юм. Тэмцээнд оролцох бүртээ сургуулиа төгсөөд цэргийн хүн болно гэдэг мөрөөдөл минь улам оргилдог байлаа. Тэгээд ангийн найзтайгаа Онцгой байдлын сургуульд эмэгтэй сонсогч элсүүлдэг болж байгааг сонсоод хамт очиж шалгалт өгсөн юм. Гэтэл найз маань тэнцээд би  тэнцээгүй. МУИС-ийн хуваарь авсан ч заавал Онцгой байдлын сургуульд суралцах хүсэл тэмүүлэлтэй байсан учраас дараа жилийн шалгалтыг хүлээх шийдвэр гаргаж байв. Шалгалтад дахин бүдрээд ОХУ-ын Эрхүү хотод хуулийн сургуульд элсэж хэлний бэлтгэлд явсан. Уг нь хуулийн сургуульдаа тэнцвэл Путины нэрэмжит тэтгэлэг олгодог юм. Гэхдээ миний зүрх сэтгэл тэнд биш энд үлдчихсэн. Хүсэл, сонирхолгүй зүйлдээ хүн биеэ дайчилдаггүй юм билээ. Тэгээд сургуулиа орхиод буцаж ирсэн. 

Ажлын анхны гараагаа эхлүүлсэн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр, унтраах аврах 28 дугаар ангийн хамт олноос их зүйлийг суралцсан. Спорт, урлагийн гоц авьяасгүй ч урлагийн үзлэг, спортын уралдаан тэмцээн гэж явсаар  дуулбал дуулж, бүжиглэвэл бүжиглэдэг болж одоо ч төрөл бүрийн чадварт суралцсаар л явна.  Хэлтсийн дарга хурандаа Л.Чинбатаас жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарч, эцсийн гүйцэтгэл гаргадгийг нь сурч авсан. Гал түймэр унтраах, аврах 28 ангийн захирагч хошууч М.Мөнхбат болон бусад хамт олондоо үргэлж тусалж дэмжиж, урам зориг өгч дэмжиж ажилладаг байсанд талархаж явдгаа илэрхийлье. 

Дотоод хэргийн их сургууль төгссөн эмэгтэй сонсогч нараараа мөн бахархаж явдаг. Бусад эмэгтэйчүүдээс бид цэргийн дүрмийн хувьд ч, биеэ авч явах тал дээр ч ялгардаг байх ёстой. Ялгарч ч чадаж байгаа. Онцгой байдлын албаны “шигтгээ”, эд эс нь учраас  эмэгтэй алба хаагчийн хувьд эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж үргэлж гялалзаж албаныхаа нэр хүндийг өндөрт өргөхийг хүсдэг. Мөн аавынхаа нэрийг хазайлгаж болохгүй титэм мэт сэвтээхгүй авч явахын төлөө охин нь хичээж явна аа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

1200 хүний амь аварсан аврагч Г.Ганбаяр: Үүргээ гүйцэтгээд машиндаа суугаад буцах гайхалтай агшин

Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна.

Хошууч генерал Т.Бадралаас мэндчилгээ ирүүллээ

Монгол Улсад орчин цагийн дэлхийн жишигт нийцсэн, хүчирхэг албыг байгуулахын төлөө Та бүхэнтэй мөр зэрэгцэн зүтгэсэн он жилүүд миний нэр төрийн хэрэг байсныг ойн баярын босгон дээр бахархан дурсахад таатай байна

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 20 жилийн хугацаанд 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.